Change The Language
Connect With Us
Empasoft | Эмпасофт ХХК үүсгэн байгуулагч Ц.Баатар
16353
post-template-default,single,single-post,postid-16353,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,side_menu_slide_from_right,qode-child-theme-ver-1.0.0,qode-theme-ver-10.1.1,wpb-js-composer js-comp-ver-5.0.1,vc_responsive

Эмпасофт ХХК үүсгэн байгуулагч Ц.Баатар

Эмпасофт ХХК үүсгэн байгуулагч Ц.Баатар

Өрсөлдөгч хоёр байгууллага ижил төрлийн хамгийн сайн гэсэн технологи ашиглаад байвал нэг нэгнээсээ ялгарах зүйл гарахад хэцүү.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яагаад мэдээлэл технологийн салбарыг сонгох болов?
– Дунд сургуульдаа математикаар их хичээллэдэг байсан. Мөн ахлах ангид сурч байхдаа анх мэдээлэл зүйн хичээл дээр Basic болон Pascal хэл дээр ганц нэг зүйл оролдож байхдаа компьютер гэдэг зүйлд сэтгэл алдарсан юм уу даа.

Эмпасофт өнгөрсөн хугацаанд ямар амжилттай ажиллав? Юунд онов? Юунд алдав?
– Бид 13 жилийн хугацаанд Монголынхоо мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг олон улсын бренд болсон Microsoft, Cisco, VmWare, Oracle гэх мэт компаниудын технологи дээр ажиллах чадвар суулгах, зөвхөн гадаадад л сурах боломжтой байсан олон сургалтыг Монголдоо явуулах боломжуудыг нээсэн. Мөн томоохон байгууллагуудын дотоод системүүдийн нэгдсэн ажиллагааг хангах дэд бүтэцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү туршлагуудаа ашиглан гадаад зах зээл дээр гарах тал дээр ажиллаж байна. Технологийн чиг хандлагыг дагаж үйл ажиллагааныхаа чиглэл дээр байнга шинэчлэл хийж явсан нь оновчтой болсон. Мөн нэмэлтээр шинэ бизнесийн чиглэлийг хөгжүүлэхийг оролдож алдаж онож явсан нь давуу тал гэж хардаг. Зарим зүйл дээр сэтгэлийн хөөрлөөр шинэ зүйлийг хийх гэж оролддог байсан алдаатай талууд бий.

Гаднаас хамгийн сайн гэсэн технологиудыг нэвтрүүлээд л суугаад байвал бид хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болох шилжилтийг хэзээ ч хийж чадахгүй.

Монголын мэдээлэл технологийн салбарын хөгжлийн тухай таны бодол?
– Ер нь бол салбарын хөгжил Монгол дотроо бол хөгжөөд л явж байна. Мэдээж олон асуудлууд байдаг ч тэр болгоныг шийдээд шийдвэрлээд цааш ахих нь л чухал. Салбарын мэргэжилтэн бэлтгэх тал дээр нэгдсэн бодлого дутагдаж байна уу даа гэж хардаг. Аливаа нэг технологийн хэрэглээг хэр өргөн хэмжээгээр нэвтрүүлсэнээс хамаарч түүний дараагийн шатны ололт амжилт гарах юм шиг санагддаг. Тийм болохоор одоо бид нэвтрүүлсэн технологиудынхаа хэрэглээг өргөтгөх тал дээр санал санаачлагатай ажиллавал бусад салбарын хүмүүс ч технологийг ингэж ашиглаж болох юм байна гэх мэт шинэ санал санаачлагуудыг бий болгож эхлэнэ. Энэ нь бодитой шинэ санаа, бүтээл төрөх эх үүсвэр болно гэж л харж байна.

Дэлхийн мэдээлэл технологийн чиг хандлага хаашаа эргэж байна? Монголчууд бид хэрхэн анхаарч ажиллах хэрэгтэй байна?
– Дэлхийн хувьд авч үзвэл аливаа асуудалд технологийн шийдлийг түлхүү ашиглах болсон. Microsoft-ийн CEO Satya Nadella “Ирээдүйд бүх бизнесийн байгууллагууд IT компани болно” гэж хэлсэн байдаг. Өрсөлдөгч хоёр бизнесийн байгууллагыг авч үзвэл хэрвээ хоёулаа ижил төрлийн хамгийн сайн гэсэн технологи ашиглаад байвал нэг нэгнээсээ ялгарах зүйл гарахад хэцүү. Харин өөрийн гэсэн технологийн шийдлийг боловсруулсан бизнес түүгээрээ бусадтайгаа өрсөлдөх бүрэн боломжтой гэсэн санаа явж байгаа юм. Тэгэхээр бид мэргэжилтнүүдээ эртнээс, дунд сургуулиас нь л хүүхдүүдэд технологийн талаар тодорхой ойлголтуудыг сайн өгч, түүний хэрэглээг улам түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Гаднаас хамгийн сайн гэсэн технологиудыг нэвтрүүлээд л суугаад байвал бид хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс болох шилжилтийг хэзээ ч хийж чадахгүй.

Мэдээлэл технологийн боловсон хүчний асуудлаарх таны бодол?
– Мэдээлэл тенхологийн боловсон хүчнээс гадна бүх хүмүүст олгогдож буй нийтийн боловсролын хүрээнд технологийн хэрэглээг сайжруулах тал дээр эхний ээлжинд анхаарах ёстой гэж боддог. Мөн гадаадад ажиллаж буй боловсон хүчнүүдээ эх орондоо ажиллах орчин нөхцлийг нь бүрдүүлэх тал дээр бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ эх үүсвэрийг Япон, Солонгос гэх мэт бусад улсуудаас outsourcing-ийн ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх замаар босгож болно. Үүний тулд салбарын компаниудад шаардлагатай стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, боловсон хүчний тал дээр татвар, нийгмийн даатгалын шимтгэл дээр тодорхой хөнгөлөлттэй нөхцлүүдийг санал болгох гэх мэт аргачлалууд хэрэглэж болно. Мөн дунд сургуулиас нь мэргэжилтнүүдийг бодлоготойгоор бэлтгэх хэрэгтэй.

Дижитал шилжилтийг бид хэрхэн хийж байна вэ?
– Дижитал шилжилт гэдгийг энгийнээр бол технологийн хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр өмнөх бизнесийн загвараас хэд дахин илүү үр ашигтайгаар үйл ажиллагаагаа явуулж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ илүү ойрхон, ашиглахад хялбар болгох загварт шилжих үйл явц гэж тайлбарлаж болно.
Эмпасофт бид өнгөрсөн хугацаанд Microsoft Cloud шийдлийг Монголын томоохон байгууллагуудад амжилттай нэвтрүүлээд байна. Хамгийн сүүлд бид АПУ болон Мобиком корпорацийг энэ технологид шилжүүлж дуусгалаа. Энэ шилжилтийг байгууллагын алсын хараа, зорилго зорилтоосоо эхлээд хүний нөөц, хэрэглэгчдийгээ бэлтгэх гэх мэт үйл явцуудаар л хийнэ. Энэ бол нэг удаагийн ажил биш байнгын хийгдэж байх ёстой зүйл. Бидний хувьд ийм л байдлаар ажиллаж байна.

Танд баярлалаа.

Сэтгэгдэл байхгүй

Уучлаарай, энд сэтгэгдэл бичих боломжгүй.